ЛУСЫН ХҮЙН ЖАТГА ТАЙЛАХ ҮЙЛ
Цогт чандмань хайрхан. 2018-04-14.
Үлдсэн 8 гол мөрөн /9 шол мөрний үйл хийхээс Туул голыг хийсэн учир үлдсэн гэж байна/ Хэрлэн мөрөн, Онон гол, Халхын гол, Минж гол, Сэлэнгэ мөрөн, Дэлгэр мөрөн, Долоон нуур, Цагаан голын хүйн жатгыг тайлах үйл хийх тул маш сайн бэлдэж тандаж таньж мэдэж үйлдэнэ. Хэрлэн мөрөн, Онон голыг Бор үр,  Минж, Дэлгэр мөрнийг Тайван үр, Сэлэнгэ мөрөн, Цагаан голыг Цагаан үр,  Долоон нуур, Халхын голыг Наран үр хариуцна. Үйлийн өмнө эдгээр гол мөрнүүдээ судалж мэдэцгээх хэрэгтэй. Хариуцсан гол мөрнүүдийн рашаанаа төлөөлүүлэн 2 тагш рашаан тавьж, тэдгээрийг тус тусынх нь лустай, лусын эзэдтэй нь холбоно. Эдгээрийн лусын жатгыг тандан, юунаас үүдсэн, ямар хэмжээ, ямар хэлбэртэйг мэдэж тайлна. Хэрхэн тайлахаа сайтар тунгааж дүүүргэнэ. Аянгаар сэтлэх үү, туяаны хүчийг ашиглах уу, Саран ээжийн тольтооны хүчийг хэрэглэх үү гээд дор бүрнээ тунгаана. Жатгыг нь тайлаад Лус эздийг баясгана. Эздийнх нь тамир тэнхээг авхуулж, усны бохирдлыг эрчмийн түвшинд нь арилгаж, ундаргыг тэтгэж өгвөл эзэд нь баясна. Тухайн нэг лусын үйлээ хийгээд тагштай рашаанаа тэр зүгт эздэд нь хүргэж өргөнө. Эхлээд нэг лусаа бүрэн дүүргэж байж, дараагийн лусаа хийнэ.
Наран үрийн хатан ээжийн айлдвар
1.ХАЛХЫН ГОЛ
Халуун элсэн тал хайрга чулуу бартаат
Хайлааст манхны дундуур хатан гол минь урсдагсан
Хаяа дамнан одож харийн гүрэнд
Хатан гол минь урсан оддог юм
Мөнх тэнгэрийн таалалт мөн ч сайхан гол
Мөхөс бодолтны үйлээр мөхөөх үйлийг ч бас хийсэн юм
Халууны их эрчмээр хатааж ширгээх
Хайрга чулуу элсээр хааж боох үйлийг
Гашуун нэгэн амтаар гашилгаж
Газрын хөрсийг сэвтээх гайт үйлийг дүүргэсэн бий
Эрдэнэсийн их далайг элсэн манхан нь нуусан юм
Эрж түүнийг мэдээд ирт үйлийг хийж дээ
Хөх Монголыг минь хөнөөх хөрстөд үгүй хийх
Хөнөөлт их дайн хүйдэст үйл болсонсон
Их цэвэрлэх хэрэгтэй эрчим их хэрэгтэй
Гүний гүнд шургуулсан гүйдэлт нэгэн зүйл бий
Гүйцээж түүнийг үгүй хийж
Гэрийг нь сайн цэвэрлэх хэрэгтэй
Дамжуулан давхар үйлийг хийгээрэй
Дараагийн үйлийг тандаарай
Хөх Монголын хүй нэгэн оршихуй
2.ДОЛООН НУУР
Дорнодын талаар даваад Долоон болдог хэмээх
Домогт их газрын дор оршин байдаг
Хөхрөн харагдах хөлгүй нуур бий
Хүч тэнхээ нь барагтайхан болсон
Хөөрхий нэгэн нуур бий
Ивээх үйл нь элсэн манхан исгэрэх салхин
Домогт энэ нуур доройтон доройтсондоо
Хэнтийн уулсаас хэсэгхэн тэтгэж
Хэрлэн гол аясхан дэмнэсэн ч ээ дээ хэцүүхэн болсон
Намар нилээд нэмсэн ч нал шал болсон доо
Хүмүүний хүйтэн сэтгэл хүслийн мунхаг үйл
Хөрс юуг нь сэвтээж хүчим салхин хийсгэн байна
Хүчирхэг явсан цагт хүй юуг нь хүүлж
Хөсрий хөдөс аятай хөөрхий болгох үйлийг
Нийлж дэмнэн оршоогоод нилээд удлаа
Энэ цагт дахин сэргээн элэг зүрхийг нь амирлуулаарай
Бөх гээчийн бөхөлж бүтээж хучсан байгаа
Хуулж түүнийг хаяад хувиргаж шидийг нь оршоогоорой
Эзэд савдаг буурлууд нь эцэж цуцсан байгаа
Элэг зүрхний энэлэндээ ихээхэн гундсан байгаа
Эжий эгшиг элбэрэл хайрыг ихэд үгүйлэн байна
Өр зүрх нь амирлаваас өнгө нь сэргээд ирнэ
Өөрөө ундраад боргилоод ирнэ
Их талыг туулахад ихэд дэмтэйсэн
Эх нутгийн минь эжий нэгэнсэн
Боллоо үр минь бодож тунгаагаад үйлээ хийгээрэй
Тандаж сайн ажаарай, тал бүрээс нь нягтлаарай
3.ДЭЛГЭР МӨРӨН
Дэлгэсэн их үйлтэй дээдсийн авшиг оршсон
Дээд тэнгэрт ивээгдсэн Дэлгэр их усан
Холбоо хэлхээ юуг нь холбог гүйлгэн сорох
Хорон нэгэн үйлийг хүйн заадаст хийсэн
Ширгээн хатаах үйлийг шившин оршоосон байгаа
Ширвэж түүнийг зайлуулаад
Сэргээж эрчлэн ундруулаарай
Салхи сэвэлзүүлэн сайтар магтаж өгөөрэй
Салхи хуйлруулан сайтар ивэлгэж өгөөрэй
Оргилох ундаргыг нь оломлон сайн тогтоогоорой
Оосорлон байж бас сайн бөхлөөрэй
Их ай савын эхлэл нэгэн ундарга юм шүү
Эжий хөгөөр ивэлгэж нэгэн өргөөрэй
4.МИНЖ ГОЛ 
Ай сав оршихуйн амин нэгэн хэлхээ
Асралт их хайрхны ай савд багтнам
Ариун тунгалаг тольтоог нь ажин нэгэн хараарай
Зүс нь ямар байна вэ, зүрх нь хэрхэн байна вэ
Мэдэрч нэгэн тандаарай, мэлмийдэж нэгэн мэдрээрэй
Амин хэлхээг нь таслах аргамжаа нэгэн байгаа
Авшиг шидийг нь дарах адгийн нэгэн үйл байгаа
Хүйн цөвд хийсэн үйл бүхнийг нь устгаж
Уяж багласан уяа бүчийг нь тасдаж
Уршигт балагт үйлийг устгаж үгүй хийгээрэй
Есөн мөрний ай савын ерөөлт нэгэн ундарга юм шүү
Хүчийг нь тэтгэж өгөөрэй хүйг нь цөвлөж өгөөрэй
Хүчжүүлж тэнхээг нь хөлөргөн тэтгээрэй
5.ХЭРЛЭН ГОЛ
Хээлэн мяралзах Хэрлэн их усан
Хэнтийн уулсын хэм нэгэн оршихуй
Асарлах их авшгийн асгарсан их усан
Ахуйт төрийн үйлийг ч адисалж байсан үйлтэн
Хэнтийн уулсын хөвөөгөөр Хэрлэн хэмээн оршсон
Хэрэйд их аймгийн хил нь болон байсан
Хүүрнэх түүх арвин Хэрлэн их усан минь ээ
Хүйн их мандалдаа хүйдэст нэгэн үйлтэй
Хөнөөлдөх их дайны хөлгүй үйл өрнөж
Хүмүүн бусын үйлээр хүйг нь хордуулсан байгаа
Хүчирхэг дээдсийн хүйг хөнөөн дарах үйлээр
Хүйдэст хатуу үйлээр хүйг нь боосон байгаа
Хүрээ хөвөөг нь хүчлэн хаасан байгаа
Хүчилж түүнийг ховхлох хэрэгтэй
Эцэг өвгөдийн улбааг эцэслэн мөхөөх
Ихээхэн хүчин орсон байгаа
Элбэж түүнийг дэмнээрэй үрс минь
6. ОНОН МӨРӨН
Оносон хэмээх оршихуйтай
Оршоосон их үйлтэй
Одуулсан бас үйлтэй
Онон их усан минь оршихуйн их ай сав
Мянган мянганаар мяралзан байхдаа
Машид ихийг магадлан нууцалсандаа
Хэнтий уулсын ай савд хээлэн мяралздаг
Хэдэнтээ түүхийн нууцыг
Хэлэхгүй хэмээн хадгалсан
Онцлог нэгэн усан минь
Дэмийг сэтгэн дэгэсдүүлэгчид
Дээдсийн мөрийг баллана хэмээн
Дэгээ гогцоог дэлгэн байхдаа
Дэндүү ихээр гундаасан даа
Тольтоог нь ажаарай тоосорсон мэт байгаа
Тонгойж харах гээд үзээрэй
Тортогтой мэт бараантсан байгаа
Хар үйлтний мөрийн харалган нэгэн дүр юм
Хамж түүнийг нь цэвэрлээрэй
Хайлуулж урсгаж одуулаарай
Тунгалаг цэнгэг болтол нь
Тухалж үйлээ хийгээрэй
Тохой хэрийн тунадас ч
Тун их тархсан байгаа
Хойд зүгийн хорлонт үйл
Хорын тунг оршоосон байгаа
Ховх сорж ховхолж цэвэрлээрэй
Хожмын мөрийнх нь хориог нь устгаарай
7. СЭЛЭНГЭ МӨРӨН
Сэлэнгийн их ай сав минь
Сэлүүхэн уужуухан сэвшээ ариун мөрөн билээ
Урсгал ус нь уян зөөлөн
Уярмаар аядуу амгалан дөлгөөн
Их усан мандлыг нь
Илбэн таалж сэрээгээрэй
Энгүй амгалан дүрийг нь
Эргэцүүлж нэгэн ажаарай
Дөлгөөн амгалан мөрөнд минь
Дөнгө нэгэн оршин байгаа
Гүний гүнд нь гүйлгэсэн нэгэн үйл байгаа
Гүн хар өнгөтэй, гүн ёроолд нь байгаа
Цавчиж дөнгийг нь тайлаад
Цалгиаж хэдэнтээ мяралзуулаарай
Гүн ёроолийн угаас
Гүйлгэж оршоосон тэр харыг
Уужуу бэлээр ухан авч
Ундрарга булгийг нь нээгээрэй
Уршигт хар мөрийг нь
Уг үндсээр нь устгаарай
Уярч эжий нь уйлах байхаа
Усан тольтоог нь ажаарай
Уужуу амьсгалтал нь
Уянгалаг хөг өргөөрэй
Урсгал толиог нь ажин
Ундарга эхийг нь мэдрээрэй
8.ЦАГААН ГОЛ
Цонх ханхын ай савд 
Цаатан отгийн хошуу нутагт
Үзүүр тохойд оршсон 
Үзэсгэлэнт нэгэн урсгал голоо
Өнгө үзэсгэлэнт, үйл нь ариун болохоор
Цагаан хэмээн цоллосон буй за
Өргөн мөрний дайтай
Өртөөлөн алсад одоогүй ч
Өгөөж арвин хишгийг нь
Өрөмтэй зүйрлэнэм зэ
Ийм л дагшин газрыг эрж хайж олоод
Эрчтэй нэгэн үйлээр
Ээдүүлж булингартуулсан буй
Эвшээт харваа намнаагаар
Эмзэг цэгийг нь онилсон буй
Хүйн их ундаргыг нь хүчлэн цэвэрлэж
Хүчит харваа намнааг хүү татан булгалж
Хөвөө хязгаарыг нь хүртэл
хөөс булингарыг нь цэвэрлээрэй
Хөхрөх тольтоог нь мяралзтал
Хөг эгшгээр мялаагаарай
Хөвч тайгын усан мандал
Хөх Монголын хүйн нэгэн оршихуй
Хөх тэнгэрийн хөлөг нэгэн буурь аа.