Өвгөд нь үрсээ манадаг юм
Өндөр тэнгэр нь ивээдэг юм
Уул хайрхан нь харан байдаг юм
Урсгалт гол мөрөн хүлээн суудаг юм
Дээдийн заяанд суралцан буй үр чи
Дээд тэнгэрийн өвгөдөө танин байх хэрэгтэй
Аргын ертөнцдөө оршин буй үр чи
Асралт тэнгэрийн олон өвгөд чинь
Аньсага үл цавчин сонор үл цуцаан
Алд биеийг чинь хамгаалан байдгийг мэдтүгэй

Уудмын шаргал тал хөндийд
Ухаарч сэхээрч нэгэн явахад чинь
Дэнтэй дунтайхан алхаж гишгэхэд чинь
Дэнсэлж буруу зөвийг шүүн тунгаахад чинь
Сайнтай муутайг дүүргэхэд чинь
Саран нарны хөндийд оршиход чинь
Эцэг өвгөдийн арвин их хайр хишиг
Эгнэгт чамайг ивээн байдгийн хүчинд
Удам дамнах өвгөд үрсээ хамгаалж
Уураг тархит балчраа тэнгэрийн өмнө
Уруудаж буруудчих вий хэмээн түшдэг юм
Тэнгэр заяат үр удам гэх учгийн цаана
Тэнхээт өвгөдөөсөө та нар хэзээ ч салдаггүй юм

Сууж байсан ч, хэвтэж байсан ч
Унтаж байсан ч, тоглон наадан байсан ч
Сархад шимэн хүртэж суусан ч
Саалийн ундаалгаа хураан байсан ч
Харь гүрэнд мордон одсон ч үр чамайг
Тэнгэрийн өвгөд нь харуулдан манан буй

Өвдөг бохирч бүдэрч ойчихоос нь
Өвгөд эмгэд нь эмээж тосдог юм
Өндөр тэнгэрийн өвгөдийн чинь үйл хэрэг
Өрнөн хамгаалан дэмнэж байдаг юм
Удам тэргүүлэх тэргүүнт өвгөд
Ухаан бодлыг чинь хариуцнам
Өөрийн биеийг чинь авч явахыг
Удмын бага язгууртан өвгөд даанам
Хийсэн үйлсийн чинь хариуг
Хэлсэн үгсийн чинь дэнсийг
Эрлэг, лус, тамын өвгөд нь хариуцнам

Ахуйн өргөөний үйлсийг чинь цэгцэлж
Айл бүлийн эрдмийг зааж байхыг
Галын их эзэд нь дүүргэнэм
Өвдөж зовохоос чинь хамгаалан манадаг
Домч тэнгэрийн өвгөд нь бас байдаг юм
Энэ л таван язгууртан өвгөд чинь
Үрсээ манан хамгаалан оршдог юм шүү

Өргөө гэрийн таван өвгөд
Өндөр тэнгэрийн мануул өвгөд
Өршөөл буяны өндөр өвгөд
Үүх түүхийн улбаат эцгүүд
Үр чиний дэргэд оршин байдаг юм

Энэ л таван өвгөдөө дагуулан шогшихдоо
Үйл хэргээ даатгаж өргөлийг өргөөч
Өвгөд буурлууддаа сэтгэлээ дэлгээч
Өнгөт орчлонд ганцаараа хэмээн
Ор хөнжилдөө нойрсохынхоо оронд
Өвгөд буурлуудаа таньж хараач
Өөрийн бие чинь ганцаараа биш
Өвгөд буурлууд чинь манан шогшоог
Энэ л буган бичиг дүрсэлнэм зэ.