ӨРГӨЛИЙН ТУХАЙ
Монголчууд байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотойн учиг нь өргөл өргөх ёсоос ТОД харагддаг. Наран, саран, уул ус, лусын эзэд, төрсөн нутгийн уул усыг хүндэтгэн дээдлэх өргөл, үрсийнхээ үйлсийг дэмнэж, өршөөл энэрэл хүсч, баяр талархлаа илэрхийлэх, төрөө төвшин сайхан байлгах гээд өргөл бүхэн өөр өөр зорилготой, онцлогтой байдаг. Өргөлийг цайны дээж, сүү, арвай будаа, цагаан идээ, таван тансаг, хүндэтгэлийн идээ, шар тос, хоргой торго, ангийн үс, арьс зэрэг эдээр өргөдөг. Өргөл өргөлийн дээд нь сэтгэлээсээ өргөх өргөл билээ.
Ноён болоод хатан хүмүүний өргөл зорилгоороо ялгаатай. Хатан хүмүүн ургахын улаан наран, урсах цагийн эзэд, дөрвөн зүг найман зовхисийн хүчтэнгүүддээ хандан сүүтэй цайныхаа дээжийг өргөж, тэр өдрийн өргөлийг эхэлдэг. Ээжүүд өргөө гэр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, ирээдүй хойчдоо өргөлөө зориулдаг. Өргөө гэрээ элбэг баян, амар амгалан тайван сайхан байгээ хэмээн ургахын улаан нарандаа өргөлөө өргөдөг. Ургахын улаан нарандаа ийнхүү сүсэглэн залбиррсан эх хүмүүний сайхан сэтгэлийн хүчээр, зөв энерги эрчмээр энэ хорвоо дэлхий ариусдаг. Тухайн өдрийн наран өөрт нь зориулж өргөлөө өргөсөн хүмүүний сайн сайхан хүсэл сэтгэлийн зөв эерэг эрчим энергээр хорвоо дэлхийг бүхэлд нь гийгүүлэн гэрэлтүүлдэг. Өөрөөр хэлбэл Монголчууд өргөлөөрөө тухайн зүйлсийн эрчим энергийг засч чаддаг байж.  
Ноён хүмүүн буюу эрчүүд улс гүрэн, төр түмнийхээ төлөө, алаг нартын төвшин сайхны төлөө өргөдөг. Эр хүмүүн болон эм хүмүүний өргөл нэгдэж, нэгнээ нөхөж, өргөө гэрийн ахуй амгалан, төр улс төвшин сайхан болж ирдэг. Энэ 2 хүмүүний өргөлийн хүч өргөө гэрээ сүншиглэж, залбирч өргөө гэрээ ариусгаж, хамгаалж, ивээж, ерөөж, тэтгэж байдаг. Ийм 5 үйлсийг эр, эм хүмүүс өргөлийн хүчээрээ дүүргэж, нэгтгэдэг.
Ноён хүмүүний өргөл бол төрийн цагаан сүлд, улс гүрний амар жимэр байдал, төрийн их үйлсэд зоригдон буй дайчин баатар эрсийг зоригжуулах, улсын гүрний аян замын үйлс, ан гөрөөний жим татуулах, өргөө гэрийн буурь сэлгэн буух, үрсээ аян замд үдэх гээд олон зорилгоор өргөгддөг. Ноён хүмүүний өргөл бол хатууг дарж, хорвоо дэлхийг засан өнгөлөхөд чиглэгддэг. Харин хатан хүмүүний ухаанаар сүлэлдэн бий болсон өргөл нарт хорвоо дэлхийн үрс хийгээд өргөө гэр, бүхий л оршихуйдын амин чанарт хүрдэг.
Гал голомтдоо гариг бүртээ биш юмаа гэхэд сардаа ганц удаа ноён хүмүүн ямар нэгэн өөх, ангийн арьс үс, аль нэгэн олз, хишгийнхээ дээжийг өргөвөл зохилтой. Учир нь өргөө гэрийн олз хийморь, орлогын үүдийг өргөө гэрийн ноён хүмүүн түшдэг. Эцэг хүмүүн орлогынхоо дээжээс үрсдээ идээ ундаа, амттан бурам, хувцас, хоргой дурданг хүртээх учиртай. Харин хатан хүмүүн хишиг орлогынхоо дээжээр өргөө гэртээ тагш, тогоо, дээш харсан сав, авдар гэх мэт хишиг буян тогтоох эд эдлэл авууштай. Үрс балчрууд олсон орлогынхоо дээжийг (ялангуяа эхний цалингаараа) эжий аавдаа, өндөр настнууддаа, нагацууддаа мөн хамгийн нялх балчруудад хүртээвэл зохилтой. Ингэж олз хишиг, ашиг орлогоо бусаддаа хүртээвэл дараа дараагийн олз хийморийг дагуулан далладаг юм. Мөн өргөө гэртээ олз хишгийн уут богц, авдрыг байлгах хэрэгтэй. Энэ нь үр удам хийгээд эцэг өвгөдээс бууж ирсэн хишиг буяныг тогтоон барж, тухайн голомтод шингээдэг. Гол түшиглэн амьдардаг айл өргөө бол лусын эдлэл, зүйлээр бүрдсэн авдарт олз, хишгийнхээ дээжийг хадгалдаг. Харин гөрөөчин удамт үрс бол ангийн арьсаар богц авдрыг хийвэл зохилтой.  Дорлиг буюу Дархадын удамт үрс бол сийлбэртэй, урлалтай авдар, бичиг номын айл гэрт бол ном, бичиг, цаас, бийр багтахуйц эрдмийн авдар байвал зохилтой. Яагаад ээжийн бор авдар, эжийн бор тагш гээд дуулдаг гэхээр тэр л авдар дотор эжий аав, эцэг өвгөдийн хишиг буян олз хийморийг хадгалдаг түүнээсээ үрс балчрууддаа бага багаар хүртээдэг. Үүнийхээ хүчээр л ирээдүй хойчис нь идэх, өмсөхөөр дутахгүй, элбэг дэлбэг явцгаадаг. Үүнээс гадна мөн улс гэртээ хишиг буянаа хүртээдэг байсан. Ямар нэгэн ангийн хишгээсээ, харь гүрнээс авчирсэн барааныхаа дээжээс, ямар нэгэн наймааны ашиг, идээ ундааныхаа дээжийг улсдаа өргөл болгон барьж, улсын чуэн сан хөмрөгөө бүрдүүлж байсан. Энэ цагийнхаар бол хандив өргөдөг байсан. Идээ ундаа өргөвөл гадны элчийг тосох найр, аян замын хүнсэд хэрэглэдэг. Зоосыг нь бусад улс оронд зорчигсдод хэрэглүүлдэг байсан. Өдгөө энэ нь алба гувчуур, татвар болсон байна.
ӨРГӨӨ ГЭРИЙН ГАЛЫН ӨРГӨЛ
Өргөө гэрийнхэн галдаа идээ ундаа элбэг дэлгэр байг хэмээн идээнийхээ дээж шар тосыг, эдлэх эдээр арвин байг хэмээн торго дурдан, олз омог арвин байг хэмээн ангийн үсийг галын эзэддээ өргөдөг. Мөн гэрийн эзэн галдаа дал, дөрвөн өндөр хавирга, хүндэт ясуудын дээдээс өргөдөг. Хүндэт ясанд өвчүү, дал, 4 өндөр хавирга, аман хүзүү зэрэг ордог. Дал, 4 өндөр бол өргөө гэрийн хамгийн хүндэт идээ. Хатан хүмүүн бол сүүлний эхний зүсмийг галдаа өргөдөг. Эжий хүмүүн үрсээ тэжээн тэтгэх, хоол хүнсээ базаах гээд сүүлийг маш олон үйлд ашигладаг. Бага балчир үрсээр өөх, богино хавиргыг галдаа өргүүлдэг. Хүүхдийн идээ ундаа элбэг цатгалан дэврүүн байг гэж өөхийг, өргөө гэрийн хишиг буяныг тогтоон барьж, эдийн хүчийг үл тасалдуулаг хэмээн богино хавиргыг хүүхдээр өргүүлдэг. Хүүхдүүдийн галд өргөсөн өргөл өөрт нь эргэн буухыг бэлгэддэг. Эцэг хүмүүн галдаа дал, 4 өндрийг өргөдөг нь эцэг өвгөддээ гал голомтын хүчээр хүндэт идээгээ барьж, үлдсэнийг нь удам угсааны үрс нь хүртье хэмээн өргөө гэрийн тэргүүнээс дээдэс өвгөддээ барьж байгаа өргөл юм. Ихэвчлэн баруун далыг өргөдөг.
Далыг нагацдаа барьдаг ёстой. Өргөө гэрийн дараагийн хүндэт хүмүүн бол авга гэхээсээ илүү нагац байдаг. Нагацын ухаан хүүхдэд нь эцгээс нь илүү, авгынхаас илүү удамшдаг тул өргөө гэрт нагацыг эрдэмт мэргэд хэмээн өргөө гэрийн баруун хойдох хүндэт суудалд залдаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрдэм ухаан, авъяас билэг, зан чанар нагацаа илүү даган дуурайдаг. Эцэг нь байхгүй бол хүндэт ясанд нагац хүрнэ. Мөн нагацууд айлын ах болох нь элбэг. Учир нь улс гүрний хэм хэрхэн оршихийг мэддэг ухаан хүч тэдэнд байдаг. Эцгээ дууриасан хүүхдийг эцэг амьтай, эхийг дуурайсан хүүхдийг эх амьтай, эсвэл эмгэд өвгөд амьтай хэмээдэг.
ӨРГӨӨ ГЭРИЙН БУРХАД ШҮТЭЭДИЙН ӨРГӨЛ   
Цайныхаа дээжээр тахил өргөлөө гэхэд бурхад, шүтээд нь хүртчихсэн л бол нэг цагийн дараа ч өргөлөө буулган сольж шинэчлэх учиртай. Тахилыг дундарснаар бол ширхэгтэй идээг хөдөлснөөр эзэд нь хүртсэнийг мэдэж болдог. Эцэг өвгөдийн шүтээд, өөрийн бурхдыг хүндлэн тахил тавих, өргөл өргөх нь зөв ч бурхад бүхэн өөрийн гэсэн идээ, ундаатай байдаг тул тэр бүрийг нь мэдэж өргөвөл зохилтой. Буулгасан өргөл, идээгээ үрсдээ хүртээж болдог. Мөн баян хангайдаа өргөж болно. Орон сууцны үрс ч буулгасан тахил, идээгээ хангайдаа гарч өргөнө. Цонхоороо өргөлөө өргөх нь өвгөдээ болон өөрсдийгөө доромжилж буй учраас хориуштай.
   БАЙГАЛ ЭЭЖИЙН ӨРГӨЛ
Монгол хүн бүр байгаль эжийдээ өргөл өргөдөг. Сүү болон цайныхаа дээжээр Тэнгэрт байгаа өвгөд дээдэс болон наран, саран, оддод өргөлөө өргөдөг. Мөн баян хангай, шүтээн уулс хайрхаддаа цагаан идээ, боовтой тавган идээ (боовтой тавган дээрээ зөвхөн цагаан идээ тавина. Цаастай чихэр болохгүй), дал, 4 өндөр, арвай будаагаар өргөл өргөдөг. Лус гол мөрөнд үзэм, цэвэр (чихэргүй, будагч бодисгүй) хатаасан жимсээр өргөл өргөж болдог.
   ТОХИОЛТ ӨДӨР, БАЯР НААДМЫН ӨРГӨЛ
Төрийн хамгийн эрхэм дээд өргөлд ангийн арьс, дээлийн гадар, хоргой дурдан, цагаан идээ, торгон хадаг зэргийг өргөдөг. Эгэл жирийн хадгийг эрхтэн дархтан ямбатнууд барьж байсан. Самбай хадгийг бусад үйлд хэрэглэдэг бол торгон хадгийг зөвхөн төрийн их дээдэс эздэд барьдаг.
            ЯАГААД УРГАХЫН УЛААН НАРАН ЧУХАЛ БАЙДАГ ВЭ?
Ургахын улаан наран нь дээр хөөрсөн нарнаасаа илүү олон өнгийн гэрэл, илүү хурц тод эрчим туяа цацруулдаг учраас хүмүүн эртлэн босч өөртөө эрчмийг тосон авах нь чухал. Энэ нь хүмүүний махан биед сайнаар нөлөөлдөг ач холбогдолтой. Дээр хөөрсөн нар нь дэлхийн агаар мандалд зарим элч туяагаа сарниулан задруулдаг учраас ургахын улаан наран шиг олон өнгөөр туяаран гийгүүлдэггүй ихэвчлэн цагаан туяа цацруулдаг. Ургахын улаан нарны эрчим бага намуун боловч олон өнгийн эрчим, туяа, цацрагийг өөрөөсөө цацруулдаг тул ургахын улаан хэмээдэг. Ургахын улаан нарыг тосон хүлээвэл олон өнгөний гайхамшиг, олон цацраг эрчим туяадыг мэдрэх болно. Нарны яг төвийн цагаан, шар туяа хүмүүний зүрхэн болон наран сүлжээ хүрдийн амин гол цэгт тусан идэвхжүүлдэг. Нарны хүрээний эрчим хүмүүний цээжин биеийг тэтгэдэг. Нарны хүрээнээс гадагшаа ялгарах цацрагууд хүмүүний гэрлэн биеийг тэтгэдэг учраас хүмүүний гэрлэн бие шиг ийм олон өнгөтэй байдаг. Нарны гэгээ гэдэг нь нарны гаднах цацрагаас гадна талд байгаа сүүмийн цайруулан байгаа эрчим туяа цацрагууд гэх бөгөөд хүмүүний оройн хүрдүүдэд, толгойноос дээших хүрдүүдэд хүрдэг. Нарны зах цацрагууд бол хамгийн гадна буюу харуй бүрийгээ түрэн гарч ирж, гэгээ оруулж байгаа хэсгүүд юм. Ийм учраас толгой сэргэгт нь эрдэм заах гэж хүүхдүүдийг нарнаас өмнө өглөө эртлэн босгодог. 
Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ургахын улаан нарыг үзэх гэдэг нь өвлийн хахир хатууг даван туулсны дараа хүч чадлаа сорин ирж буй жилдээ хүч тэнхээгээ ямар байхыг шинжих гэдэг бас нэгэн шинжээ, шалгуур юм. Эрт цагт бол хамгийн өндөр орой руу явган алхуулан ургахын улаан нарыг үзвэл шилийн сайн эр болно хэмээдэг байсан. Ингэж бас бяр чадлаа сорьдог нь баатар эрсийн нэгэн ухаан юм. Ийнхүү мацахдаа уулын хормойгоос чулуу авч орой дээр нь өргөдөг. Уулын бэлийн чулууг оройд нь гаргах гэдэг маш том ухал чүйл гэж үздэг.
Үүрийн цолмон од ургахын улаан нарнаас өмнө амжиж хүчирхэг эрчмээрээ дэлхийд буудаг учраас маш тодордог. Бусад бүхий л оддын хүчийг өөртөө нэгтгэн маш олон одон гэрүүдээс гарах хаалга болдог. Үүрийн цолмон нарны өмнө хүчирхэгжиж, үдшийн гялаан нарны дараа хүчирхэгждэг. Үдшийн гялаан од нь бусад оддын хүчийг нэмэн нэмсээр одон гэрүүдийн орох хаалга болон хүчирхэгжин дэлхийд буудаг.
                             НООС САВАХ ЁСОН
Эсгий хийх ноосоо гэрийнхээ баруун урд талд жин үдээс хойш дэлгэн тавьдаг. Өглөөгүүр хөрс чийгтэй байх тул хөрсний чийг агаарт хөөрсний дараа үдийн нарнаар болон үдээс хойш ноосоо дэлгэн савдаг. Савах ноосныхоо дор аргал хомоол дэлгэн дээр нь эсгий эсвэл нимгэн даавуу тавьдаг. Ноосыг 4, 8, 12, 16 гэсэн 4-т хуваагдах тооны хүмүүс савдаг ёстой. 3 хүн савж болдоггүй. Ноосыг савж болдоггүй цээрүүд байдаг. Улаан саран гарсан өдөр, өглөөгүүр нохой ульсан, нохой гөлөглөсөн өдөр, хүлэг морьд бэртсэн, мал өвчилсөн үед, төл мал хөнгөлсөн өдрүүдэд ноос савахыг цээрлэдэг. Улаан саран гарсан өдөр ноход заавал ульдаг. Ноос савснаар нурууны булчин нилдээ чангардаг нь махан биеийн дархлаа, чадавхид сайн. Өргөө гэрийн хүн бүхний тоогоор араг савар байдаг бөгөөд эр, эм, хөгшин залуугүй бүгд аргал түүдэг ёсон бий. Эцэг хүмүүн үрсдээ эмээл л төхөөрдөг. Хүүхэд бүр өөртөө хэрэгтэй тоглоом, араг савраа өөрөө урлаж ур, үйлдээ дадлагаждаг байсан. Хүүхэд өөртөө хэрэгтэй бүхнээ урлан хийхэд нь эцэг эх нь зөвхөн зөвлөгөө өгнө үү гэхээс бэлнийг өгдөггүй байсан учраас монгол хүмүүн бүхэн хэрэгтэй бүхнээ өөрсдөө хийж чаддаг байсан.
                           АРГАЛ ТҮҮХ ЁСОН
Араг савар зөрүүлнэ гэдэг нь баруун гартаа савраа барьж, цээжний урдаа зүүн гараараа арагны оосроо бугуйлдахыг хэлнэ. Аргалтай савраа зүүн мөрөн дээрүүрээ давуулан арагтаа онож түүнэ. Аргал түүх нь бөөрний булчинд маш сайн үйлдэл, дасгал юм. Аргалаа түүх гэж, арагтаа онож хийх гэж тонгойж гэдийх дасгал хийдэг. Мөн арагтай аргал нь нуруунд байдаг бөөрний булчингуудыг даран чангалдаг. Үхрийн эврээр хутга, мэс, савхны гэр, хуйг хийдэг байсан. Мөн цагаан идээ шахдаг хэрэгсэл болгодог байсан.