ШИЛИЙН БОГДЫН ҮЙЛИЙН ЗАРЛИГ
3 сарын 11-ний үүрээр ургахын улаан нарнаар Шилийн богдын орой дээр эхэлнэ. Ургахын улаан нарнаар Эрийн хийморийг тэнгэрт мандуулах үйл хийнэ.
Бэлтгэл: Нар ургахаас өмнө түүдгээ зэхэж, улаан, цагаан, шар өнгийн дээсээр 3 тойрог татна. Улаан дээс голын түүдгээс 2 алхмын зайтай тавигдах ба үүд амыг нь наран ургах зүгт харуулна. Цагаан дээс нь улаан дээсээс 1,5 алхмын зайд тавигдах ба ам нь хойд зүгт харсан байна. цагаан дээсээс 2 алхмын зайд шар дээсээр хүрээ татах бөгөөд үүд нь баруун урд зүгт байна.
Энэ үйл хэрэгт ноёдууд өөрсдийн тэргүүн, уурга, тагш, хөөрөг, бүс, хэт хутга, хөөрөг зэрэг эдүүдээ авч явна. Мордсон үрс 3 тойрогтоо хуваагдаж суугаад ургах нар руу харж эрийн хийморийг тэнгэрт хүртэл нь залан дуудаж сэргээн мандуулна. Шилийн сайн эрсийн хүч тэнхээг өдгөө цагийн үрсэд нь шингээх үйл хэргийг чухалчлан дүүргэнэ. Үрс хөө хуягаа ариулаад хуяглана. Бүх үрс бүстэйгээ явна. Тэгээд 4 зүг 8 зовхистоо мөргөж өргөлөө өргөнө. Өргөлд эхлээд цагаан идээ, дараа нь далай цагаан,  дараа нь байгаль ээжийн уналгыг ундаалах идээ ундаагаар өргөлөө өргөөрэй. Үүнд боов, арвай будаа, амттан байж болно.
Хүлгээ зүүн урагш ба өмнө зүг рүү харуулан 20 алхмаас гадагшаа тавина. Яагаад гэвэл дүүргэгдэх үйл хэргийн эрчмийг хүлгүүд нь даахгүй байж мэднэ. Үйл дүүргэх газар руу хаадын ахмадаас эхлэн хаад жим татуулан алхана. Дараа нь хатад мөн адил ахмадаасаа эхлэн жим татуулан очно. Хэдэн хатад очихыг үйлд мордохоос өмнө тодруулж, хатдын бүсийг Бууралд авчирна.
Түүдэг нь 2 алхмын диаметртэй чулуун хүрээтэй байх ба чулуун хүрээний дотуур нунтаг арц, гангаар хүрээ татна. Дотуур нь 4 мөчтэй дугуй хасыг ноосоор дүрсэлнэ. Ноосны өргөн 4 хуруу. Цагаан ноосон дээрээ үнэртэнгүүдээ зулна. Хасын төвд шар тосоор дугуй суурьтай конус хийж байрлуулна. Хасын 4 үзүүрт: баруун хойд үзүүрт ангийн үс, зүүн үзүүрт сурны өөдөс, зүүн урд үзүүрт 9 эрдэнэ, баруун урд үзүүрт хоргой дурдан, дэл сүүлийг тус тус тавих ба эдгээрийг 4 өөр үрээр тавиулна. Хасын гол дахь шар тос дээрээ түүдгээ зэхнэ. Дараа нь тойрог дээсээ тавина. 
1. Ургахын улаан нарнаар эр хүний сүлдэн хийморийн уухай өргөнө.
2. Эрийн хийморь бэлгэдэн даллан дуудсан айлдвар уншина. Үүнийг үрс нэгэн хэмээр уншвал зохино. Үүнийг Буурал өмнө нь айлдсан тул Замбын хатан хайх л байхдаа. Хөх Монголын эрсийн сүлд хийморь Манжийн үед айхтар том жатгалагдан дарагдсан тул түүнийг үрс дайтаж тайлна.
3. Бүх шилийн сайн эрсийг үрс дуудна. Түүдэг, агаар, салхи, хөрс шороо, алтан нарны эрчмүүдээр эрчим бүрийг тэтгэнэ. Дуудагдан хурсан шилийн сайн эрсийн хамт өнөө цагийн шилийн сайн эрсийг дахин сэргээх үйлийг хийнэ. Энэ цагийн шилийн сайн эрсийг хэрхэн зэхэж дүүргэх талаар холбогдон дүүргэж буй буурлуудаасаа асууж ирнэ биз ээ.
Идээ: хэвийн боов 5-аар 3 үе цагаан идээгээр дүүргэнэ. Үүнийг үйлийн дараа хөрсөд нь үлдээнэ. Дал 4 өндөр, 1 таваг цагаан идээ, цэгээ 3 тагш.  Үйлийн төгсгөлд шилийн сайн эрсдээ эдгээр идээг зэхлээ хэмээн идээгээ магтаж өргөнө. Цэгээгээ тэнгэрт өргөөд бусдыг нь тэнд нь үлдээнэ.  Идээгээ таниулан үлдээнэ. Идээг таниулна гэдэг бол зориулан дүүргэх эзэнд нь мэдүүлдэг. Тиймээс энэ идээгээ шилийн сайн эрсдээ таниулна.
Үйл дүүрмэгц дээсээ гадна захаасаа эхлэн хураана. Үйлээ дүүргээд мордохын өмнө хүлгүүдийн дөрөөг далай цагаанаар мялаана.
ХҮЛЭГ МОРЬДЫН ҮЙЛ
Энэ нь хүлгийн дээдийн сүлд хийморийг тогтоон арвижуулан бадраах үйл юм. Шандаст хурдан хүлгийг арвижуулах нь. Үйл бүрийн эхэнд зээгээ татаж хүрээгээ бий болгож, уухайлан үйл хэрэгтээ орно. Үйлсээ дүүргээд мордохдоо 4 зүг, 8 зовхистоо мөргөн өргөлөө өргөөд хурайлаад мордоно. Энэ үйлийг морьдтой дүүргэх учир морин цагт амжиж эхлүүлнэ. Замбын хатан үйлийн газрыг тандана. Эхний үйлийн газраас холгүй. Хүлэг морьдтой дүүргэх үйлийн зарлиг өмнө нь буусан.
Нэг тагш цагаан идээ, 2 талд нь 2 тагш цэгээ зэхнэ. Үрс морьд байгаа зүг рүү харж, саран хэлбэртэй сууж, шандаст хүлгүүдээ арвижуулан, хурд хүчийг нь нэмэн, уяа сойлгыг тааруулна. Таван хошуу малын дүрээс хүлэг морьдын дүрийг авч явна. Гийнгоо, морьдын хөг хэрэг болно шүү.
ТАЛЫН АГУЙН ҮЙЛ
Цагаан идээн 3 таваг идээ зэхнэ. Талын агуйд очиход Замбын хатнаар үйлийн зарлиг хэлүүлнэ. Талын агуйд тойрог хэлбэрээр сууна. (Үрс хаадын эд хэрэглэлээ бүрэн авч мордоорой. Мөн богцоо авч явна). Үйлийн төгсгөлд өргөлөө өргөж хурайлаад мордоно. Хотоос гарахдаа болон тэндээс буцаж ирэхдээ ямар нэг зүйл дагахаас сэргийлж хамгаалалтаа сайн хийж тандаж мордохоо мартуузай.
Бид зааврын дагуу Шилийн богд уул руу явж, тэр нутагт Манжийн амбаны адуун сүргийг хил дамнуулахаас нь өмнө отон, эрийн сайнаар хулгайлж, хүлгийн сайнаар зугтаж, нутаг гувчуулан ард түмэндээ тарааж өгдөг байсан Тэнгэрийн зарлигт шилийн сайн эрс, өндөр өвгөдийн ариун сүнсийг дуудан буулгаж, үйл хэрэгт нь оруулсан. Талын агуйд байсан байгалийн жамын дагуу эрчмийн бөөгнөрлийн дүнд бий болсон айхтар том эрчмэн жатгыг тайлсан.

Эрийн хийморь сэргээсэн
Шилийн богд сонсож бай...
Ид хаваа гайхуулсан
Халхын сайн эрс дуулж бай...
Холын холоос хэлэх
Хонгорын үгийг сонсож бай...
Торой Банди, Тогос Чүлтэм
Ганган Төгс, Гархи Намжил
Харцага Бор, Хүрэл Дампил
Цахиур Төмөр, Царцаа Гомбо...
Хаяагаа хадрахгүй
Харснаа авахгүй
Сайн нөхрөөс урвахгүй
Сариг ингэ авахгүй
Эрийн сайнаар ноёдыг дийлж
Хүлгийн сайнаар талыг туулна гэж өвгөдийн сүнстэй хамт Тэнгэр, газарт тангараг өргөн хамтдаа огшсон.
2019-03-11