СУДРЫН ӨМНӨХ ҮГ

Хэрэв Тэнгэр танд зарлиг буулгаж, даалгавар өгсөн л бол та учрах саад бэрхшээл бүхнийг даван гарч, түүнийг биелүүлэх үүрэгтэй. Танд тохиолдох энэ саад ямар ч байж болно. Хүрэхийн аргагүй хол, туулахын аргагүй бэрх, давахын аргагүй өндөр ч байж мэднэ. Мөн хичээж зүтгэн байж, даалгавраа биелүүлсний дараа магадгүй таны хийсэн, бүтээсэн зүйлийг зарим хүмүүс ойлгохгүй элдэв үгээр хэлж, худалч, хуурамч хэмээн цоллохыг үгүй гэх газаргүй. Тэглээ ч үнэн таны талд байгаа цагт та юунд ч бууж өгч шантралгүй зөвхөн урагшаа өөдрөгөөр харж, тэнгэр өөд зүтгэн тэмүүлж явах учиртай. Цаг хугацааны эргэлтэнд үнэн зүйл хэзээд ялгарч, тодорч, батлагддаг жамтай.“Тэнгэр оршихуйн алтан аргамж” түүхэн судар Тэнгэр эцгийн зарлигаар бичигдэж байгаа бөгөөд энд буусан сүнсний өгөгдлүүдийг надад Тэнгэр эцэг, Дэлхий ээж хоёр минь өгсөн юм. Өдгөө монголчууд бидний ихэнх нь үүсэл гарвал, түүх соёлоо мэдэхгүй он удаан жилээр ойд төөрч, сармагчин аятай өөрөөсөө бусдыг даган дуурайж амьдарч байна. Одоо байтлаа Чингис хаан гэдэг хүн энэ ертөнцөд огт төрж байгаагүй гэсэн харь улсын нэгэн “их мэдэгч” хүний солиотой үгэнд итгэх нь холгүй бид төөрөлдчихсөн явна. Өмгөөлөх түүхгүй, өмөөрөх үрсгүй мэт өвгөд дээдсийг минь дорд үзсэн гүтгэлэг бүхнийг тэвчин хэлгүй мэт дуугүй сууж болно гэж үү, бид? Бидэнд тийм эрх байхгүй. Яагаад гэвэл бид дэндүү тэнгэрлэг түүхтэй, аугаа их өвгөдийн үр сад. Бидний өвгөд дээдсүүд энэ бөөрөнхий дэлхийн эзэн хаадууд нь байсан. Хойшид ч тэд минь хаад нь болон төрж, тодорсоор байх болно.

Баатарлаг Хүннү гүрний их хаадын түүхээр энэ судар эхэлж байна. Хүннү өвгөдийн минь түүх үнэхээр агуу гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Харин энэ агуу түүхийг бүтээлцсэн их хаадууд дэлхийн дараа дараагийн агуу түүхийн бас эзэд нь байжээ гэдгийг мэдэх алтан боломжийг танд энэ судар олгоно. Бид бүгд энэ хорвоо дээр хүмүүн заяанд ахин дахин ирж төрдөг. Хаадууд хаад хэвээрээ, хатдууд хатад хэвээрээ, жанждууд жанжид хэвээрээ үр удамдаа эргэн төрсөөр байна.Хүн бүхэн урд төрөлдөө би ямар хүн байсан бол, юу хийж бүтээж явсан бол, дараа төрөлдөө би хэн болж төрөх бол? гэсэн сониучхан бодлыг битүүхэн тээж явдаг. Зарим гоц хүмүүс өөрийнхөө өмнөх болоод хожмын түүхийг мэдэж байдаг. Та бидний хамгийн сайн мэддэг жишээ гэвэл Далай ламын хойд дүрээр түүхэн цаг бүрт шинэ, шинэ далай лам нар тодордог. Өөд болсон өвөө эмээ, аав ээжийгээ бид үр удамдаа эргэж төрөөсэй гэж хүсч, эргэж төрсөн гэж баясаж, амьдрал энэ бүхнийг үнэн болохыг нотлон харуулсаар ирсэн. Түүн лугаа дэлхийн хүн төрөлхтний түүхэнд алтан үсгээр бичигддэг та бидний бахархал, шүтээн болсон Хүннүгийн Модун шаньюй, Хүн гүрний “тэнгэрийн ташуур” Атила, Их Монгол улсын суут эзэн богд Чингис, дэлхийг донсолгосон агуу их Доголон Төмөр тэргүүтэй цуутай хаад, хатдууд та бидэнд өөрсдийн үнэн түүхээ аминчлан дэлгэж байна. Тив дэлхий, тэнгэр оршихуйг өмгөөлдөг эзэд нь монгол хүн та бид юм гэдгийг дэлхий нийтэд таниулж, тэнгэрээ, дэлхийгээ, ирээдүйгээ өмгөөлөхөөр өнөөдөр ч бас тэд ирсэн гэдгээ мэдүүлж, үнэ цэнэтэй эрхэм нандин бүхнээ бидэндээ дээжлэн барьж байна.

Би түүхч хүн биш, түүхийн үнэн худал, хар цагааныг ялгах гэсэнгүй. Гагцхүү өөрт ирсэн даалгаврын хүрээнд, сүнснээс өгсөн мэдээлэлд тулгуурлан эртний түүхэн агуу дүрүүд эрт болоод хожим хэн гэдэг хаад, хатад байсныг, тэд хоорондоо ямар сүнсэн болоод хүйн холбоонд төрж, тэнгэрийн ямар зарлиг дор хүн төрөлхтний сайн сайхны төлөө юу хийж, бүтээснийг тодруулан буулгаж, буулгаснаа та бүхэнд түүхэн баримттай нь толилуулахыг зорьсон билээ.Миний хувьд энэ судрыг буулгах тийм амар байсангүй. Магадгүй би түүхч хүн, үгүй дээ л түүх жаахан гадарладаг байсан бол ийм сайхан өгөгдлийг түшээд түүхэн баримт, мэдээлэл ихтэй илүү сонирхолтой, судалгаатай судар бүтээж чадах байсан болов уу. Гэхдээ тэнгэрийн “Алтан Дээд Үнэн”-ийг аялгуулан буулгахыг зорьсон их хаадын эрхэм зорилгыг бага ч атугай гүйцэлдүүлж чадсан байх гэж найднам. Энэ судар хэд хэдэн цуврал боть болон бичигдэх учиртай бөгөөд эхний толгой сударт Хүннү гүрний төрийг 300 орчим жил жолоодсон их хаадын өнө эртний болоод өдгөө цагийн сүнсэн хэлхээт дүрүүд, тэдний намтар түүх, цадиг уухай багтаж буй юм.

Тэнгэр оршихуй, далд ертөнцийн талаар бусдад бага ч гэсэн танин мэдэхүйн ойлголт өгөх үүднээс өөрт тохиолдсон зарим зүйлсийг энд мөн оруулсан бөлгөө. Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр гэгчээр миний аялж туулсан, үзэж харсан, мэдэрч мэлмийдсэн бүхэн бусдынхтай адил бус, таныхтай ижил биш байж мэднэ. Тэнгэр гэгч хязгааргүй уудам орон зайд бид дөнгөж л нэвтэрч, зах зухаас нь барин тавин тэмтэрч, цаг хугацааны өөр өөр мөчлөгт, өөр өөр оршихуйд тэмтчиж явна.Та бидний өвгөд дээдсүүд тэнгэрийн үнэнийг, хорвоогийн жамыг газарт тунхаглахдаа биднийг олон салаа жимээр алхуулж, олон олон үйлийг, энд тэндгүй, зэрэг зэрэг, янз бүрийн аргаар (ЧуКур) хийлгэж байна. Таны хийж бүтээж буй их үйл хэрэг өрөөл бусдын бас нэгэн их үйлийн үргэлжлэл, өрнөл болж, үйл бүхэн дор бүрнээ тэнгэрийн аугаа их үйлсийн нэгээхэн хэсэг болон дэлгэрч байна. Тэр хүн эхлүүлээгүй бол таны үйл өрнөж чадахгүй байсан. Та өрнүүлээгүй бол бас дараагийн нэгэн элчийн үйл эхлэхгүй. Тиймээс энэ цагт Тэнгэрийн Элч болон тодорч ирсэн Улаач, Мөргүн, Гэгээнтэн, Хутагт, Хунтайж хэн нь ч байсан ялгаагүй Их Монгол улсаа эргэн мандуулж, эх дэлхийгээ аврах агуу их зоригдол дор сэтгэл, оюунаараа нэгдэн хамтдаа урагшлах хэрэгтэй байна.

Бид өөрт оногдсон даалгавраа гүйцэлдүүлж яваа нэгнийхээ үйлийг худал хуурмаг, эндүү ташаа гэж холын зайнаас хангалттай шүүж, үгүйсгэж, няцааж, үйлэнд нь саад учруулснаар цаана нь байгаа тэнгэрийн аугаа их үйл хэргийг чөдөрлөж байна. Магадгүй энэ бүхэн нэг талаас монголчууд бид үнэн түүхээ мэдэхгүй, тэнгэрлэг өвгөдөө танихгүй, мөнх хөх тэнгэрээ шүтэж дээдлэхгүй, ухаарч ойлгохгүй болтлоо харалган болсны уршиг хэдий ч, нөгөө талаас хэн маань ч ялгаагүй өчүүхэн жаахан юм сурч мэдэж, бусдаас арай дөнгүүр болчихоороо бүхнийг мэдэгч болсон мэт “би л” гэсэн цэцэрхэгч болдгийн гай байх.Өндөр уулын оргилд гарахын тулд нэг нь гол ус туулж, нөгөө нь ой модоор өгсөж, гурав дахь нь хад асгаар авирч, дөрөв дэх нь шавар балчиг туучиж явна. Гэтэл усан жимээр оройд хүрсэн нь бусдыгаа ус туулаагүй учир уулын оргилд гарсанд тооцохгүй гэх болж байна уу.

Монгол хүн та бид бүгдээрээ баатарлаг домог түүхтэй, аугаа их Хүннү өвгөдийн үр удам болж, энэ цагт Мөнх хөх тэнгэрээс хас тамгатай, хөх толботой мэндэлсэн бурхны, тэнгэрийн элч нар. Тиймээс алтан ястай, ариун цустай монгол хүн та бид эвлэн нэгдэж, эвсэн зангидагдаж байж, их эзэн Чингис хааны Их Монгол улсыг дахин байгуулах гэсэн өвгөдийн туйлын хүслийг биелүүлж, алтан ургийн ариун дагшин алдрыг алаг дэлхийд өргөн мандуулцгаана.

“Тэнгэр оршихуйн алтан аргамж” нэртэй Мөнх хөх тэнгэрийн цагаан үнэний “хэлмэли” эл судар 2200 жилийг өртөөлөн ороо бусгаа энэ цаг дор дээд тэнгэрээс мэндэлж буйн эрхэм зорилго ердөө л энэ юм. Агуу бүхэн энгийн зүйлээс эхлэлтэй байдгийн адил та бидний өмнө тавигдаж буй эгэл бус эрхэм дээд зорилгод хүрэх зам бас энгийн хэрнээ агуу юм байна.Эзэн богд Чингис хаан “Бид Их Монгол улсыг дахин байгуулахаар ирж байна, Мунхаглалын улмаас өөр хоорондоо дайтан байгаа шашнуудыг Мөнх тэнгэрийн дор нэгтгэх болно” гэж айлдаж, энэ цагийн улаачдаа заларч байсан түүхтэй. Мөнхсаруул гэгээнтэн ч мөн ингэж л хэлдэг. Миний хувьд өвгөдийн болоод бидний хэтийн зорилго тодорхой байсан ч зорилгод хүрэх дөт арга зам, тод гарцыг бодитой олж харж чадахгүй явсан билээ. Одоо бол надад бүх зүйл алган дээр тавьсан мэт ил харагдаж байна. Кронос, Гуатама Будда, Модун шаньюй, Есүс Христ, тэнгэрийн ташуур Атила нар нэгэн их хүч, Зевс бурхан, Мухаммед, Чингиз, Чингис хаан нар бас нэгэн их хүч болж, даян дэлхийд гэгээрлийн ариун үйлсийг өрнүүлэх гэж байна.

Бид энэ орчлонд хүн болж мэндлэхдээ эцэг өвгөдөөсөө дор бүрнээ онцгой даалгавар өвөртлөн ирдэг. Эрдэм номтой сайн хүн болж, эх орондоо ихийг хийж бүтээх, ээж аавдаа тустай, элгэн садандаа түшигтэй, эх нутагтаа хэрэгтэй хүн болох, цаашлаад шинжлэх ухааны нээлтүүд хийж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах гэх мэтчлэн хүн бүр өөр өөрийн даалгавартай, өөр өөрийн авьяас билигтэй төрдөг. Тэр л ёсоор та бүхний адил жирийн нэгэн монгол эмэгтэй би 2500 жилийн хугацаанд энэ дэлхийд 16 удаа төрж, төрөх бүрдээ өөр өөр үүрэг, даалгавартай амьдарчээ. Харин бумбын эриний босгон дээр энэ цагт төрөхдөө хөх тэнгэрийн улаачаар тамгалагдаж, сайн цагийн 1000 бурхдын нэгээр тодорч, энэ бүхний ачаар Монгол өвгөд дээдсийн минь түүхэн урт замналын аялгуут дуулал болсон энэхүү хөлгөн судрыг бичиж, толилуулж байна.

Домог түүхт Хүннү өвгөдийн үр сад болон мэндэлсэн уншигч та өвгөд дээдсийнхээ тэнгэрлэг ариун үнэнийг гэгээн оюундаа тунгааж, гэрэлт мэлмийдээ тольдож соёрхоно хэмээн найдаж энэхүү судраа би Тэнгэр эцэг, Дэлхий ээжийнхээ өмнөөс сүү дусаан та бүхэнд өргөн барьж байна.

Үүрдийн заяанд ноёлох эл түүхүүд
Үнэн мөнөөрөө мөнхөд оршиг
Үндэстэн ард нь хэзээ ч үл тасарч
Ухрах тавилан биднийг үл дайраг
Хөх нуруутнуудын минь үрс сонордтугай
Хөх тэнгэрийн нэгэн түүх
Энэ хорвоодоо ч, энэ тэнгэртээ ч
Энэ дэлхийдээ ч бүү тасраг гэж нэгэнтээ хэлсэн

Атийл хааны хүү Хүн гүрний их хаан Эллааг хааны айлтгалаар үгээ өндөрлөе.
2016 оны 4-р сарын 20.

ТЭНГЭР ОРШИХУЙН АЛТАН АРГАМЖ by on Scribd