1. ХӨРС ШОРООГ ТЭТГЭХ ҮЙЛИЙН ЗАРЛИГ
Зуун модны элс. 2018-04-03.
Хөрст алтан дэлхий, хөх мөнх тэнгэрийн эрчмийг нэгдүүлэх шимт мандлын үйл хэрэг. Мөл-үсү хатныхтай төстэй. Хавар цагийн шим мандал ээжийн эрчмийг тэтгэсэн 7 их үйл хэрэг байдаг. Хөрс шороо, өвс ногоо, рашаан гол мөрөн, цэцэгс модод, наран саран, хур бороо, хуй салхи эд бүгдийг тэтгэх үйлийг дүүргэнэ. Нар их гараад бороо бага буувал танай багтай хариуцлага тооцно. Ээлж дараалуулан эдгээр 7 үйл хэргийг тэтгэнэ. Эдгээрийн эрчмийг хаана, хэзээ дүүргэвэл зохихыг тандана. Хөрс шорооноос эхэлж тэтгэнэ.
Хөрс шороог тэтгэх үйлээр савдаг болоод хөрс шорооны эзэдтэй уулзана. Цагаан идээгээр өргөл өргөнө. 9 эрдэнэ байх хэрэгтэй. Түүдэг бадраана. Хэдэн модныхоо зүүн урд талд хийнэ. Элс болоод хөрс шороо хосолсон газрыг олно. Том 3 гурвалжингийн дотор дугуйгаар түүдэг асаана. Элс, хөрсний үйл хөрсний давхарга бүрийг таньж байж давхарга бүрийг хэрхэн яаж ямар эрчмээр тэтгэхийг тунгаа.
Үйлийг шинийн 18-нд буюу буюу 4 сарын 3-ны орой Зуун модны элсний орчимд зуун моднуудын зүүн урд талд хийнэ. Яагаад гэвэл элс, шороо, хар шороо, чулуу гээд бүхий л төрлийн хөрсүүд байгаа газар бол тэр. Алтан торлогуудыг бий болгон хөрс шороогоо тэтгэнэ. Шаргал алтан дээс хэрэг болно.
ХӨРС ШОРООНЫ ҮЙЛИЙН ТОВЧООН
Үйлийн талбайг дээрх гурвалжины дагуу засч, гурвалжнуудын орой дээр алтыг орлуулан 6 ширхэг гуулийг амилуулан байрлуулсан. Галыг Бор үр бадрааж, Наран үр галын буурлуудаа буулгаж галыг амилуулсан. Цагаан үр Хоо марал эжийгээ буулгаж галын эрчмийг тэтгэсэн.
Буурал аав:
- Алтын эрчмийг тэтгэж, алтан гурвалжны гол судсыг тэтгэж, алаг хорвоо дэлхийн хөрсөн давхаргуудыг үрс ээлж дараагаар нь наран зөв эргэх хуулиар тэтгэн дэмнэ. Хатуу ширүүн шуналын их үйлсэд дайтахад бэлэн үү?
Үрс:
- Бэлэн
- Юугаар дайтах вэ?
- Зэр зэвсгийн хүчээр, оюун санааны хүчээр дайтна
- Алтны шуналыг дарж устгахын тулд шившин тавьсан 6 алтандаа дуудан авчирч, шуналын дэв, бузартай нь галд шатаан даран устга. Урхидан дуудахуйн ухааныг таньцгаа. За бүгд даллая, дуудъя.
Ингэж хэлмэгц бүгд тулаандаа орцгоож, үйл 20 хором хэртэй үргэлжилсэн. Газар дэлхийн гагнаас болсон алтыг ухаад төнхөөд байхаар хоорондын эрчмийн холбоос тасарч хөрс шорооны бүтэц өөрчлөгдөн эвдэрдэг тул эхлээд алтын шуналт үрсийг эдгээр 6 алтан дээр урин дуудан дунд нь бадамлах галд шатаан хөнөөв. Түүний дараа хөрсийг бүрдүүлэгч элс, шавар, лагийн эздийг сэргээн хүчжүүлсэн. Түүний дараа хөрсний давхаргуудын эздийг мөн сэрээн хүч чадлыг нь сэлбэж өгсөн.
2. ТУУЛ ГОЛЫН ХҮЙН ЖАТГА ТАЙЛАХ ҮЙЛИЙН ЗАРЛИГ
Туул голын эрэг дээр, 2018-04-07.
Энэ үйлийг нартайд дүүргэнэ.
Бэлтгэл: жимсээр 1 идээ, цагаан идээгээр 1 идээ, 5 төрлийн буудайгаар 5 тагш идээ, тогоо дүүрэн рашаан, 9 эрдэнэ байрлуулна.
Гол мөрний хүйн жатга гэж хүмүүний хар муу үйл, үйлдлээс шалтгаалан өөрөө бий болдог жатга байдаг. Хүмүүн зон гол мөрний ай саваар ирж, идэж уун тоглож наадан, сархад шимээ хүртээд буцдаг. Үрс өөрсдийнхөө эл үйлдэл нь ямар эрчим, ямар хортойг таньдаггүй. Хар сархдын хорт эрчмээр гол мөрөн ай сав оршихуйдыг дүүргэж, дүүрсэн эрчим нь хуран чуулан бөөгнөрөн нийлсээр байгаад энэ дүртэй жатгыг үүсгэсэн байна. /Жатгын дүрийг хөрсөн дээр зурж үзүүлэв/. Гаднах 4 зураас буюу цацраг нь жатгын хор нь. Энэ доторхи хотгор 4 тал нь жатга гэж нэрлэгдээд байгаа эрчмийн их хүлээс нь. Доторхи цөм нь сархдын хар эрчмийн бөөгнөрөл буюу энэ жатгын амь нь. Үүнээс болоод гол мөрний зарим салаа урсгал нь тасарч, урсгал, ундарга нь татарч байна. Гаднах 4 цацрагийн хорыг Цагаан үр эрчмээрээ дарж устгана. Доторхи жатгын хүрээг Тайван, Удаан туулай, Буурал нар 4 талд нь аянга буулгаж тайлна. Хагалсан эрчийн хүрээг Бор үр галаар даран устгана. Доторхи цөмийг бүгдээрээ нийлэн тайлна. 4 цацрагийн эхэнд гаргаж буй 4 төрлийн хор буй. Тэдгээрийг дарж устгана.
Бүх оролцсон үрс үйл эхлэхийн өмнө уухайлаад үйлдээ орцгоов. Үйл мэдээж хэрхэн өрнөсөн талаар дэлгэрэнгүй хэлж болохгүй учир товчхон дурдаж байгаа. Үйлийн төгсгөлд бид гол мөрний усны харгиа чимээг ажиж сонсоход, урсгалын чимээ нь аядуу зөөлөн болсон байв.
3. РАШААН ГОЛ МӨРНИЙГ ТЭТГЭХ ҮЙЛ
Энэ үйлийг Туул голын үйлийн дараа хийсэн.
Алтан, мөнгөн загас, /дүртэй эд байх/, цагаан идээ, бурмаар идээ, боовыг гурваар гурван үе гээд 3 тусдаа идээ зассан.
Дээрх үйлийн буурь дээр шууд хийж дүүргэв. Гол мөрний эздийг Бор үр хөг аялгуугаар, Цагаан үр эрчмээр тэтгэв. Ямар ямар лусын 8 аймаг байдгийг мэдэх хэрэгтэй. Тайван үр рашааны хүчээр өвс ногоо мод ургамлыг дэлгэрүүлэх үйлийг тэтгэв. Удаан туулай рашааны шим буюу доторхи найрлагын агуулга, хүчийг дэмнэв. Үйлд Лусын буурал ирж үйлийг удирдан дэмнэсэн. Алтан мөнгөн 2 загасаа амилуулан рашаантай тогоонд булхуулан үйлийн төгсгөлд хөрс рүү шингээсэн. Сэтгэл зүрхээ зориулан үйлийг чин сэтгэлээсээ сайн хийсэн гэж "9 лусын үйл хийж, нэгтгэх эрхийг Лусын эздээс авдаг азтай үрс" гэж оролцсон үрсийг Лусын буурал магтсан. Үйл дуусмагц Лусын буурал лус тивийн их найранд мордсон.
